Jump to content

Дахай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дахай (манж хэл:ᡩᠠᡥᠠᡳ, хятад хэл: 达海, пиньинь галиг: Dahai) (1595-1632) бол Гагай заргач, Эрдэнэ багш нарын зохиосон дусал бинтгүй манж бичгийг шинэчлэн сайжруулж, дусал бинттэй манж бичгийг зохиосон эрдэмтэн. Тэрбээр манжийн шулуун хөх хошууны гиорча овгийн хүн. Монгол, хятад хэлний гүн мэдлэгтэй байсан.

Дахайн өвөг дээдэс нь Гиорча газрын хүмүүс байсан тул уг газрын нэрээр овгоо нэрлэжээ. Түүний өвөө Болуо нь Нурхач хаанд зүтгэж гавьяа байгуулсан тул манжийн шулуун шар хошуунд багтан оржээ. Эцэг Аймичан нь сул сайд байсан. Тэрбээр эцгээс ах дүү гурвуул бөгөөд айлын дунд хүү юм. Том ах Даньтань (丹谭) нь бүгдийн дарга, дүү Даньбу (丹布) нь цэргийн хэрэглэлийн хүрээлэнгийн сайд байсан бөгөөд Далинхэгийн тулалдаанд амь үрэгдсэн.

Дахай нь бага наснаас ухаан саруул, манж хятад хэл бичиг сурсан. 20 насандаа Нурхач хааны бичгийн түшмэл болж, Мин улс, Чосонь улс, Монгол зэрэг газар руу элчилж байсан. Нурхач хаанд тоогдож, хятад хэлээрх "Минхуй дянь", "Сушу", "Сан люэ" зэрэг ном зохиолуудыг манж хэл рүү орчуулах ажлыг хариуцаж байсан. Ийнхүү гэнэтийн нэр алдартай болж байхдаа хааны ордны шивэгчин Жана хэмээх охинтой амрагийн холбоотой хэрэгт орж, цаазын ял авсан хэдий ч, хятад хэлтэй цөөн түшмэдийн нэг байсан тул ялыг нь хөнгөлж, зөвхөн шоронд хорих болгожээ. Хунтайж хааны үед бичгийн түшмэдийг төрийн түшмэл, орчуулагч түшмэл гэж хоёр хэсэгт хуваахад Дахайг орчуулагч түшмэл болгожээ.

1632 оны гурван сард хааны зарлигаар Эрдэнэ багш, Гагай нарын зохиосон, монгол бичигт суурилсан манж бичгийг шинэчлэн сайжруулах ажлыг Дахайд хариуцуулжээ. Уг ажлыг авсны дараа эгшиг, гийгүүлэгчийг ялгахын тулд дусал, бинт нэмсэн нь хятад, монгол хэлний дуудлага, аялгыг бичиж тэмдэглэх, хятадаар бичсэн оноосон нэрийг манж хэл рүү орчуулах, манж хэл сурахад хялбар болгожээ. Дахай мөн оны 7 сард өвчнөөр нас барсан. 1636 онд түүнд Вэньчэн (文成) хэмээх цол нэхэн өргөмжлөв. 1669 онд Энх амгалан хааны зарлигаар Дахайн манж бичиг зохиосон гавьяаг онцгойлон дурдсан гэрэлт хөшөө босгов.

Дахай нь дөрвөн хөвгүүнтэй.

  • Ууган хөвгүүн Ячин (雅秦) нь төрийн албанд орж анх сумын занги (佐領) болсон. 1638 онд Мин улсад довтлон Шаньдун мужийн Дунжякоу хүрэв. 1639 онд Сүншан руу довтлов. Олон удаагийн цэргийн гавьяа байгуулсан тул 1643 онд өрхийн яамны бичгийн түшмэл (戶部理事官) болов. 1644 онд 2-р зэргийн дэд түшмэл (二等阿思哈尼哈番) болсон. 1651 оны 3 сард түшмэлийн яамны жигүүрийн сайд (吏部侍郎) болов. 7 сард нь бичгийн утгачийн хүрээлэнгийн бичгийн эрхин сайд (國史院大學士) болсон. 1651 оны 10 сард нас барсан. Тэрээр Чанбу хэмээх хөвгүүнтэй.
  • Хоёрдугаар хөвгүүн Чэндэ (辰德) нь Дээд эрдэмт хааны зарлигаар хятад хэл сурсан ч, түшмэл болсонгүй.
  • Гуравдугаар хөвгүүн Ламэн (喇捫) нь Энх амгалангийн үед У Сангүйн эсрэг байлдаж туфашара хафан (хятадаар: 云骑尉, Yún qí wèi) буюу жинхэнэ 7-р дэсийн түшмэл болов.
  • Дөрөвдүгээр хөвгүүн Чангэ (常額) нь Ячиныг өөд болсны дараа Эеэр засагчийн үед бичгийн эрхин сайд (大學士) болжээ. Энх амгалангийн үед Ячины хөвгүүн Чанбугийн хамтаар эцэг Дахайд зориулсан гэрэлт хөшөө босгохыг гуйж айлтгал өргөснийг зөвшөөрч хөшөөг босгожээ.

Түүний манжийн хэл бичгийн соёлд оруулсан гавьяаг үнэлэн түүний удмын эрчүүд нь ягаан бүс зүүх эрхтэй болсон нь манжийн хааны угсааныхны дараа хэрэглэх эрх ямба байсан бол эмэгтэйчүүд нь найман хошууны хатан, татвар эм сонгох шалгаруулалтаас чөлөөлөх зэргийн онцгой соёрхол хүртээсэн байдаг.

  翻译: