Jump to content

Хятадын цагаачид

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


“Хуацяо” (англи-Huáqiáo) гэж хятад хэлээр “хятад цагаач”, “хятадаас ирсэн цагаач”(хуа –хятад, цяо-нутгаасаа алс хол амьдарч буй хүн гэсэн утгатай үг юм). Мөн хятадын болон барууны орнуудын уран зохиолд “далайн чанд дахь хятад хүн” (Overseas Chinese) гэсэн нэршил нэгэнт тогтсон байна.

華人 –Hoâ-jîn буюу Huárén- тодорхой үндэстэн ястан нь ялгалгүй хятад хүнийг ерөнхийлөн томьёлдог нэр.

華僑 –Hoâ-kiâo буюу Huáqiáo- Хятаддаа төрөөд дараа нь цагаачилсан хятад хүнийг хэлнэ.

華裔–Hoâ-è буюу Huáyì- Гадаад оронд төрсөн хятад гаралтай бөгөөд гадаад иргэншилтэй хүнийг хэлдэг байна.


Хятад дотроо олон үндэстэн ястан байдаг /мяо, хмонг, .., / тул хятадаас л цагаачилсан хүн бүр энэ ойлголтод ордоггүйн учир нь тэд хилийн дээс алхаад “Хан” үндэстэн хятад цагаачдаас тусдаа амьдардаг бөгөөд өөрсдийгөө хятад гэж үздэггүйтэй холбоотой. Иймд зөвхөн “Хан” үндэстэн цагаачдыг "Хуацяо" хэмээн нэрлэдэг гэж ойлгож болно.

Хятад хүний уламжлалт гүн ухааны ойлголтоор хятад хүнд тодорхой аль нэг орны харьяат байхаас илүүтэй тухайн хүний өвөг дээдэс хятадад төрсөн л бол түүнийг хятад хүн гэж үзэх учиртай гэдэг ажээ. Ийм ч учраас эх нутагтаа байгаа хятадууд нутгаа орхиж цагаачилсан Хуацяо нарыг гадуурхах сэтгэл байдаггүй харин ч тухайн үедээ зовлон амсаж өөрийн эрхгүй нутгаа орхисонхүмүүс гэж өрөвдөх сэтгэлээр ханддаг байна. Хятад цагаачид шилжин очсон газар бүрээ нэг дор, эв нэгдэлтэй байж, тодорхой хэмжээнд бие даасан “Чайнатаун” хэмээх бичил хороолол үүсгэн амьдардаг онцлогтой. Бидний “нүүдэлчин” монголчуудаас ялгаатай нь хятадууд очсон газраа эхнээсээ л буцахгүй сууршиж үе дамжин амьдрана гэж бүх зүйлээ тооцоолон төлөвлөдөг аж. Чингэхдээ олон жилийн турш хэдэн үе дамжсан ч өөрийн хэл, соёлоо хадгалахыг эрмэлзэж бичил хороолол дотроо болон бусад нутаг нэгтнүүдтэйгээ эдийн засаг, нийгмийн холбоогоо таслахгүйг хичээсээр өнөөг хүржээ. АНУ-ын Нью-Йорк хотын “Чайнгатаун”-д  насаараа амьдарсан 80 гаруй настай хятад эмгэн өнөөг хүртэл англи хэл суралгүй амьдарч ирсэн жишээ үүнийг нотолж байгаа юм.

Хятад хүнд гэр бүл бол хамгийн чухал үнэт зүйл, иймээс гэр бүлийн сайн сайхан, аз жаргалтай амьдрах үндэс нь ажилтай, орлогтой нэгдмэл, нэг зорилготой эв эеийг хичээж нийтийн эрх ашгийг хувийнхаас дээгүүр тавьдаг “нэг хүн дангаараа юу ч биш” бөгөөд “маргаашийн ирээдүйг харж” амьдрах гэсэн хамгаас чухал үнэт зүйл дээр бусад амьдралын зарчим, хэв маягууд тулгууралдаг гэж ойлгож болно. Ер нь хятад гэр бүл хүүхдэд нялх балчираас нь эхлэн эцэг, эх нь бүх талын соёл, хүмүүжлээр олноороо нэг дор, хамтран амьдрах арга ухааныг олон мянган жил зааж өвлүүлсээр иржээ.

Хятадууд Зүүн Өмнөд Ази руу цагаачлахад юуны өмнө газар зүйн ойрхон байршил, эх нутагтаа амьдрах нөхцөл хүнд болсон, очсон газар нь тариалан эрхлэх цаг агаарын таатай нөхцөл зэрэг эдийн засгийн сонирхол голлон нөлөөлсөн байдаг. Х-ХV дугаар зуунд ЗӨА руу чиглэсэн хятадын цагаачлалын анхны урсгал эхэлж далайгаар өнөөгийн Камбож, Тайланд, болон Сингапур, Малайз, Индонезийн Ява, Суматра, Калимантан /Борнео/ арлуудад суурьшин нутгийн иргэдтэй гэрлэж тэдэнд ууссан гэж үздэг. XVII зуунд буюу 1662 онд өмнөд Хятадад Мин улсын сүүлчийн хүч нь Манжуудад эзлэгдэж шинэ удирдлагыг эсэргүүцсэн хятадуудын хоёр дахь шилжилт хөдөлгөөний урсгал мөн далайгаар өнөөгийн Камбож, Малайзыг чигэлсэн гэдэг. XIX зууны дунд үед хятадын өмнө хэсэгт гарсан төрөл бүрийн иргэний дайнаас зугтаж ЗӨА-д Британийн колончлол тогтсон арлуудад ажил хайж суурьшихаар явсан хятад эрчүүд гурав дахь үеийн цагаачид болсон бөгөөд тэднийг “хакка” хэмээн нэрлэдэг бөгөөд өнөөдөр тэд Малайз, Индонезид олноороо амьдарч байна. Тус бүс нутаг руу чиглэсэн сүүлийн буюу дөрөв дахь шилжилт хөдөлгөөн бол 1980-аад онд БНХАУ-д Дэн Сяопиний эхлүүлсэн өөрчлөн байгуулалт, нээлттэй бодлоготой шууд холбоотой юм. БНХАУ-ын тэр үеийн удирдлага цагаачдыг эх нутагтаа хөрөнгө оруулах томоохон нөөц гэдгийг ойлгоод тэднийг татах уяан хатан бодлого хэрэгжүүлж таатай нөхцөл бүрэлдүүлж эхэлсэн байдаг. Үүнд хятад цагаачдыг эх нутагтаа эргэж ирэх, буцаад чөлөөтэй явах боломжийг бага багаар нээж, гадаадад буй ах дүү хамаатан садантай нь холбоо тогтоолгох, гаднаас хөрөнгө мөнгө шилжүүлэх боломжтой болгож хөрөнгийг нь “хураахгүй байх баталгаа” гаргах зэрэг арга хэмжээнүүд авч эхэлсэн байдаг. Тэр үед “хятад хүний толгой дээр нар жаргахгүй” гэдэг үг ихэд тархсан нь энэ бодлогын цаад утгыг хэлж буй мэт. Нэг ёсондоо тэднээр дамжуулан далайн чандад хөлөө олж тодорхой хөрөнгө чинээтэй болсон Хуацяо нарыг “Дундад улс” буюу эх нутагтаа хөрөнгө оруулах уриалга сурталчилгааг бодлогоор хийж эхэлүүлсэн байдаг. Энэ нь ч БНХАУ-ыг хүчирхэг эдийн засагтай болоход ихээр нөлөөлсөн гэж хятадын удирдлага хүлээн зөвшөөрдөг.


Орчин үеийн судлаачдын үзэж буйгаар “далайн чандад” нийтдээ 50 орчим сая (зарим эх сурвалжаар 40 сая) хятад гаралтай бөгөөд хятад цагаачид байдаг гэж үздэг байна. Эдгээр хүмүүсийн 75 % буюу 40 орчим сая нь нийт 650 сая хүн ам төвлөрсөн Зүүн Өмнөд Азийн орнуудад суурьшин үе дамжин ажиллаж амьдарч байна. Гэвч энэ тоо өмнөх зуунуудад цагаачилж тухайн нутгийн хүмүүс дунд ууссан хятад иргэдийг оруулвал хамаагүй их тоо гарах нь ойлгомжтой. Эдгээр орнуудад амьдарч буй ихэнх хятад гаралтай иргэд өөрийн гэсэн хэв маяг, ёс заншлаа хадгалж амьдардаг байна.  Малайз, Индонезид ХХ зууны дундуур болсон хятад үндэстний хэлмэгдүүлэлт, хавчлагын улмаас нутгийн иргэдтэй төдийлөн “уусаагүй” байдаг бол тэр үед арай бага гадуурхагдаж байсан Тайланд, Вьетнам, Филлипин дахь хятадууд үндсэндээ бүрэн уусах түвшинд очсон гэж үздэг, гэтэл Сингапурын хятадууд үндсэний соёл, хэв маягаа хадгалж чадсан бөгөөд нийгмийнхээ дээгүүр давхаргад багтаж бодлого гаргах түвшинд хүрсэн байдаг. Зүүн Өмнөд Азийн бүс нутгаас төрсөн ам.долларын тэрбумтнуудын 80 гаруй % хятад гаралтай хүмүүс байдгийг хэвлэлүүд багагүй бичдэг. Хятад цагаачид хоорондын харилцаа, эв нэгдлийг зохицуулахад “Индонезийн хятад гаралтай иргэдийн Холбоо”, “Малайзын хятадуудын Холбоо”, “Камбож дахь  хятад гаралтай болон хятад цагаачдын нэгдсэн Зөвлөл”, “Филиппин дахь хятад гаралтай иргэдийн найрамдлын Холбоо” зэрэг хятад иргэдийг хамарсан нам, олон нийтийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. 1990 он хүртэл БНХАУ-ын иргэд гадагшаа гарах боломжгүй байсан харин 2002 онд хятадуудыг дэлхийн 22 оронд аялахыг зөвшөөрч улмаар 2013 он гэхэд зорчих боломжтой орны тоо өссөөр 114 хүрсэн. 2000 онд 10 сая орчим хятад иргэд гадаадад аялсан бол 2010 онд 57,4 сая, 2018 онд 156 сая хүн хилийн дээс алхаж 115 орчим тэрбум ам.доллар зарцуулсан гэж БНХАУ-ын “COTRI” (China Outbound Tourism Research Institute) мэдээлж байна. 

1980 онд батлагдсан БНХАУ-ын “Иргэний тухай хууль”-иар БНХАУ ын иргэн өөр аль нэг улсын иргэн болсон тохиолдолд шууд автоматаар БНХАУ-ын иргэншлээс хасдаг нь тус улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөгүй байна. Гадаадад суугаа БНХАУ-ын иргэдээс төрсөн хүүхэд нь БНХАУ-ын иргэншил авах эрхтэй, хэрвээ тухайн хүүхэд төрөхдөө гадны иргэншил авсан бол БНХАУ-ын иргэн болох боломжгүй болдог байна. Мөн БНХАУ-д бүртгэлтэй гадаад эцэг эхээс БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд хятадын иргэншил авах эрхтэй байдаг байна. Төрийн болон цэргийн албан хаагч БНХАУ-ын иргэншлээс гарч болдоггүй зэрэг зохицуулалттай ажээ. Тайван Улсын хувьд давхар иргэншил зөвшөөрдөг тул нөхцөл байдал өөр байгаа юм.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын шинэ удирдлагын хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Бруней, Камбож, Индонези, Лаос, Филлипинд хэрэгжүүлж буй олон тэрбум ам.долларын гол төлөв дэд бүтцийн төслүүд, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Банк”-ны хөрөнгө оруулалт зэрэг нь тус бүс нутаг руу хятадын шинэ үеийн цагаачдын урсгал бий болгож байна. Үүнээс гадна сүүлийн үед БНХАУ эдийн засгийн хувьд хүчирхэгжиж дэлхийн хоёрдахь эдийн засаг болоод байгаа нь “Хуацяо” нар буюу хятад цагаачдын “төрөлх нутгаараа”, “хятад хүний оюун ухаан”-аар  бахархах сэтгэлийг ихээр өдөөж байгаа юм. Мөн тус бүс нутагт буй цагаачдын дунд “путунхуа” хэмээх Бээжин аялгуу дээр үндсэлсэн БНХАУ, Тайван, Сингапур дахь албан ёсны ярианы хятад хэл ихэд дэлгэрч байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Өмнөх үеийн хятад цагаачид мэргэжил, боловсролгүй хар бор ажил хийж амиа зогоохоор эх орноо орхидог байсан бол өнөөгийн цагаачилж байгаа хуацяо нар тодорхой мэдлэг мэргэжил, боловсрол, санхүүгийн бололцоотой байгаагаараа ялгаатай байна.

“Далайн чанд дахь” 50 сая хятад гаралтай иргэдийн амьдарч буй улс орнуудыг жагсаавал: Тайланд /9,3 сая/, Малайз /6,6 сая/, АНУ /5 сая/, Индонези /2,8/, Сингапур /2,5 сая/, Канад /1,7 сая/, БНСУ /1,6 сая/, Мьянмар /1,6 сая/, Филлипин /1,3 сая/, Австрали /1,2 сая/, Камбож /1 сая/, Перу /1 сая/, Вьетнам /800 мянга/, Япон /700 мянга/, Франц /700 мянга/, Их Британи /400 мянга/, Венесуэл /400 мянга/, Лаос /300 мянга/, ОХУ /300 мянга/ гэсэн албан бус тоо байдаг.


Хүн амын шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллагын (IOM-The International Organization for Migration) мэдээлж буйгаар 1980 онд 102 сая, 2000 онд 173 сая байсан бол 2015 онд дэлхийд 244 орчим сая хүн амьдарч буй байрлалаа сэлгэн өөрчилсөн нь дэлхийн нийт хүн амын 3,4 %-тай тэнцэж байна. Энэ хандлага цаашид өссөөр 2050 он гэхэд 405 сая хүн цагаачилна гэсэн тооцоо таамгийг тус байгууллагаас гаргасан байна. Даяаршил, мэдээлэл зүй, эдийн засаг, дэд бүтэц болон нийгмийн ардчиллын хөгжил бүхэлдээ дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоож чадахгүй харин ч улам ихээр нэмэгдүүлэх нь тодорхой байна.

  翻译: