Jump to content

Георг Вильхэлм Фридрих Гегель

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Георг Вилхэльм Гегель

Георг Вильхэлм Фридрих Гегель (герман. Georg Wilhelm Friedrich Hegel, 1770 оны 8-р сарын 27-нд Штутгартад төрсөн- 1831 оны 11-р сарын 14-нд нас барсан) -Германы алдарт гүн ухаантан, Германы идеализм ба 19-р зууны философийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг байсан юм. Түүний нөлөө нь эпистемологи ба онтологийн метафизикийн асуудлаас эхлээд улс төрийн философи, түүхийн философи, урлагийн философи, шашны гүн ухаан, гүн ухааны түүх зэрэг орчин үеийн философийн сэдвүүдийн бүх хүрээг хамарсан юм.

Түүний эцэг Георг Людвиг Гегель (1733—1799) Вютенбэргийг герцогийн Санхүүгийн тооцооны танхимын нарийн бичгийн дарга хийж байгаад дараа нь экспедицийн зөвлөх зэрэг төрийн өндөр алба хааж байсан. Зарим намтар судлаачдын бичиж буйгаар эцэг нь “их хатуу ширүүн зантай бөгөөд нямбай” нэгэн байжээ. Тэдний гэр бүл христын латеран урсгалын шашинтай байсан. 1777-1787 онд тэрээр Штутгартын латин сургуульд сурсан байна. Гегелийн эцэг сургуулийн боловсрол нь хүүд нь хангалтгүй гэж үзээд нэмж багш хөлсөлдөг байжээ. Гегель сайн сурч, сурлагын амжилтынхаа төлөө шагнал авч, ангиас анги руу шилжиж байв. Бага наснаасаа тэр ном их уншдаг байжээ. Тэр халаасны мөнгөө ном худалдаж авахад зарцуулдаг байсан гэдэг. Тэрээр хотын номын санд байнга очиж, шинжлэх ухаан, гүн ухааны тухай ном уншдаг байв. Гегель түүх, тоо, гүн ухааныг ихэд сонирхон судалж байжээ. Эртний грекийн зохиолчдыг тэрээр эх хэлээр нь уншсан байна. Тэрээр эртний афины зохиолч Софокл, Еврипид нарын сонгодог бүтээлийг хүндэтгэдэг байсан бөгөөд Эпиктет, Лонгинус хоёрыг орчуулдаг байжээ. Гегель амьдралынхаа эцэс хүртэл эртний сонгодог зохиолуудад дуртай байдлаа насан туршдаа хадгалсан юм.

1788 оны 10-р сарын 27-нд тэрээр Тюбингены Теологийн /шашны/ Их Сургуульд элсэн хоёр жил гүн ухааны, гурван жил теологийн курс сонсож, 20 настайдаа Гегель гүн ухааны мастер болсон. Их сургуульд сүүлийн гурван жил теологийн хичээл үзжээ. Гегель шалгалтаа амжилттай өгсөн. Гэсэн хэдий ч тэрээр санваартан болохыг хүсээгүй. Үүний шалтгаан нь Гегелийн сүмд хандах хандлага нь түүний суралцах явцад үүссэн байж магадгүй юм.

Тэрээр биеэ дааж их хичээллэдэг, өөрийн найз нар болох ирээдүйн алдарт яруу найрагч Гёльдерлин, гүн ухаанч Шеллинг нартай их харьцдаг байжээ. Тэд бүгд гүн ухаанаас гадна улс төр сонирхдог байжээ.

1796 оны 7-р сард тэрээр найз нөхдийнхөө хамт Альпийн нуруугаар олон өдрийн турш аялж 1797 оны эхээр эх орондоо буцаж иржээ. 1798 онд Гегелийн анхны бүтээл хэвлэгдсэн байна. 1799 онд Гегелийн эцэг нас барж хүүдээ багахан өв буюу 3000 гульден үлдээжээ. Өв болон өөрийн хуримтлал зэрэг нь түүнд багшлахаа больж, эрдэм шинжилгээний ажилд орох боломжийг олгосон байна.

Гегель 1800 онд тэр Иены их сургуульд шилжиж ирэв. Энд зургаан жил багшлахдаа тэрээр логик, метафизик, гүн ухааны түүх, тооны хичээлээр лекц уншиж, маш их хэмжээний нийтлэл бичиж их эрчтэй үр бүтээлтэй байжээ. 1801 онд Гегель “Дэлхийн эргэлтийн тухай” сэдвээр диссертаци хамгаалсан.

1814 онд Берлиний их сургуулийн гүн ухааны тэнхимийн эрхлэгч Иохан Фихте (герман. Johann Gottlieb Fichte, 1762—1814) нас бархад Пруссын боловсролын сайд Карл Альтенштейн эрдэмтэн Гегель санал тавьж 1818 онд Гүн ухааны тэнхимийг удирдах болжээ. Энэ үеэр тэр "Хууль зүйн гүн ухаан" (герман. Philosophie des Rechts, бүрэн нэр нь-Grundlinien der Philosophie des Rechts oder Naturrecht und Staatswissenschaft im Grundrisse) номоо 1821 онд нийтлэсэн юм. Гегелийн гол ажил нь оюутнуудад лекц унших явдал байв. Түүний гоо зүй, шашны гүн ухаан, хуулийн философи, гүн ухааны түүхийн тухай лекцүүд нь нас барсны дараа шавь нарынх нь тэмдэглэлээс түүвэрлэж хэвлэгджээ. 1818 онд Гегель цөөн тооны оюутнуудыг лекцдээ татсан боловч 1820-иод онд түүний алдар нэр эрс өсч түүний лекцүүд нь Германы өнцөг булан бүрээс болон бусад олон орны оюутнуудын анхаарлыг татаж эхэлсэн юм.

1830 онд Гегель Их сургуулийн ректороор томилогдов. 1831 онд III Фредерик Уильям түүнийг Пруссын төрийн төлөө зүтгэсэний төлөө одонгоор шагнаж байжээ. 1831 оны 8-р сард Берлинийг холерын халдвар авсны дараа Гегель хотыг орхин Кройцбергт суурьшжээ. 10-р сард шинэ семестр эхлэхэд Гегель тахал дууссан гэж андуурч Берлинд буцаж ирэв.

1831 оны 11-р сарын 14-нд тэрээр нас барсан. Эмч нар түүнийг холер өвчнөөр нас барсан гэж үзэж байсан ч түүний үхлийн шалтгаан нь ходоод гэдэсний замын өвчин байсан гэдэг. Түүний гэрээслэлийн дагуу 11-р сарын 16-нд Доротеенштадтын оршуулгын газарт И.Фихте, Солгер нарын шарилын дэргэд оршуулжээ.

"Логикийн шинжлэх ухаан" номны анхны хэвлэл, 1813 он.

«Логикийн шинжлэх ухаан» (герман. Wissenschaft der Logik) —Гегелийн бүтээсэн философийн системийн үндэс юм. Энэ бол сэтгэлгээний цэвэр ангилалд (Үнэмлэхүй санаа) шаардлагатай сэтгэлгээний хөдөлгөөнийг илтгэсэн байдал юм.

«Сэтгэл, сүнсний гайхамшиг судлал» (герман. Phänomenologie des Geistes) -Гегелийн 1807 онд хэвлүүлсэн эхний томоохон бүтээл юм.

Гегелийн хүү Людвиг Фишер нь Голландын армид алба хаах үеэрээ Жакартад нас барсан. Гегелийн хүү түүхч Карл Гегель бөгөөд шашин судлаач Эммануил Гегель нар сүүлд эцгийнхээ бүтээлүүдийг эмхлэн хэвлүүлсэн байна.

  翻译: